Б.ЛХАМСҮРЭН: Аз болоход гэрийн эзэд галд түлэгдээгүй
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбоочин офицер, дэслэгч Б.Лхамсүрэн өнөө өглөө буюу 06 дугаар сарын 09-ний өглөө 05:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Нисэхийн дэнжийн орчимд явж байхдаа шатаж байсан айлаас иргэдийн амь насыг аварчээ.
Энэ талаар нь түүнээс утсаар холбогдож тодруулахад “Өглөө Нисэхийн орчимд явж байхад гэр хорооллын хэсгээс утаа суунаглаж харагдсан. Тэгэхээр нь дөнгөж үүр цайж байгаа учраас мэдэлгүй унтаж байх вий гэж бодоод давхиад очиход байшингийнх нь үүдний хэсэг, бас гэр нь шатаж байсан. Тэр даруйдаа гэрийнхнийг сэрээж, үүрч дүүрч гаргаад, машин тэргийг нь холдуулж, онцгой байдал, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Хэрэв хэдхэн минут алдаж очсон бол аюул ойрхон байсан. Аз болоход гэрийн эзэд галд түлэгдээгүй, бага зэрэг угаартсан байж магадгүй. Гэрт гурван хүн байсан, тэд “Бидний амь насыг аварсан танд маш баярлалаа гэж хэлсэн” гэв.