Д.Түмэнжаргал: 51 хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 30.6 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон

2024 оны 6 сарын 06

Arslan.mn

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүн давхар сэтгэл зүйн хохирол хүлээж байдаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн төлүүлж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргалаас тодрууллаа.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой болсон  байна. Хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу?

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 онд шинэчлэн батлагдаж, гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санаанд буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн үндсийг бий болгосон. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ыг, Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалаар "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах, тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэмт хэргийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан 84 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дүгнэлт гаргаж, тогтоох боломжтой болсон. Тухайлбал, хүний амьд явах эрхийн эсрэг болон эрүүл мэндийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг зэрэг гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор хохирлыг нөхөн төлүүлдэг болсон.

Иргэд бусдын биед гэмт учруулах гэмт хэрэгт их холбогддог. Улмаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг мөнгөөр тооцож нөхөн төлдөг.  Тэгэхээр одоо давхар гадна сэтгэл санаанд нь учирсан хохирлыг нөхөн төлнө гэж ойлгож болох уу?

Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас иргэд бие махбодоороо хохирохоос гадна сэтгэл санаанд нь хор уршиг, хохирол учирч байдаг.  Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт, гэмт хэргийн улмаас хохирогч өвдөлт зовуурь мэдрэх, амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх, амьдралын чанар муудах зэрэг сэтгэл зүйн сөрөг өөрчлөлтүүдийг ойлгодог.

Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд эмчилгээ сувилгаа, эм тариа гэх мэт баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалин орлого зэргийг төлж барагдуулдаг байсан бол одоо гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, түүнийг мөнгөн дүнгээр тооцож хохирлыг төлүүлдэг болсон.

Сонгинохайрхан дүүрэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?  

Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой, нийт 342 мянган хүн ам оршин суудаг. Үйлдвэр, тээврийн товчоо, зах худалдааны төвүүд байрладаг нийслэлийн том дүүрэг. Хүн амын тоо, нягтаршил зэргээс шалтгаалаад тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа нийт хэргийн 31 хувийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлдэг. 2024 оны I улирлын байдлаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 6724 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьж ажилласнаас 1384 нь Хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг байна.  

Иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж бусадтай маргалдаж зодолдох, улмаар биед нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол их гардаг. Олон нийтийн дунд биеэ зохисгүй авч явах, уур бухимдлаа бусдад гаргах, асуудлыг эвээр биш хүчээр шийдэж байгаа нь энэ гэмт хэргийг гарахад нөлөөлж байна.

Мөн гэмт хэргийн улмаас гарах хор уршиг, үр дагаврыг иргэд төдийлөн ухамсарладаггүй. Хүний биед халдаж, гэмтэл учруулвал эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл авдаг талаар эрх зүйн мэдлэг дутмаг байгаа нь энэ төрлийн хэргийг үйлдсэн хүмүүсийн мэдүүлэгт дурьдагдах нь их байдаг.

танай дүүргийн прокурорын газраас дээрх гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа жишээнээс дурдвал? 

Энэ оны I дүгээр улирлын байдлаар тус прокурорын газраас хүний эрүүл мэндийн эсрэг 200 гаруй хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Үүнээс 42 хэргийн 51 хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 30,6 сая төгрөгийг нөхөн төлүүлэх асуудлыг мөн шүүхээр хамт шийдүүлсэн байна.

Жишээ дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, улмаар иргэн Н-ын нүүр лүү нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г-д холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд, шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулж, хохирогч Н-ын сэтгэцэд учирсан хохиролд 2 сая 750 мянган төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657368
0 эможи

keyboard_arrow_up