С.ТҮМЭНЖАРГАЛ:“ШИНЭ ХҮНЭЭ” ӨЛГИЙДӨН АВАХ ЭЭЖ ХҮН НҮДЭНДЭЭ БАЯРЫН НУЛИМСТАЙГААР” ЭХ БАРИГЧДАА БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛЭХЭД ТЭР МӨЧИД ӨӨРИЙН ЭРХГҮЙ МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХДАГ

2024 оны 5 сарын 14

Arslan.mn

Энэ удаагийн “Мэргэжил болгоны онцлог” дугаарт “Хүрээ амаржих газар”-ын эх баригч С.Түмэнжаргалтай уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ мэргэжлийг яагаад сонгосон талаар яриагаа эхлүүлье

-Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Сэдэдийн Түмэнжаргал гэдэг. 1969 онд Өвөрхангай  аймгийн Бүрд суманд  төрсөн. 1985 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын ерөнхий боловсролын сургууль, 1985-1989 онд Улаанбаатар хотын Анагаах Ухааны Дунд Сургуулийг Эх баригч-Бага эмч мэргэжлээр төгссөн. Бакалавр боловсролтой, Эх баригчын Зөвлөх зэрэгтэй.

1989-1990 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 54-р  сургуулийн эмчээр

1990-1994 онд 3-р амаржих газарт эх баригчаар, 1994 оноос хойш одоог хүртэл Нийслэлийн хүрээ амаржих газарт бага эмч, тасгийн арга зүйч, эх баригчаар   ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа Сувилахуйн сургагч багш, Эх барихуйн сургагч багшаар сургагдан  шинэ залуу эх баригч нарт өөрийн мэдлэг, туршлагаа тасралтгүй зааж зөвлөн ажиллаж байна. Өөрийн мэргэжил, арга барилдаа 50 гаруй залуу эх баригчийг дагалдуулан сургаж ажлласан. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь анх 5р ангид байхдаа бие маань өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үeд цагаан халад өмсөж чагнуур зүүсэн эмч нар хүүхдүүдийг үзэж, сувилагч нар асарч сувилаж байгааг хараад  бахархан энэ хүмүүс шиг хүнийг эмчлэн аврах их хүсэл мөрөөдөл бий болсон.

-Анх хүүхэд эх барьж авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

1989 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөх жил  хөдөө орон нутгийн 45 хоногийн дадлагаа өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд суманд   хийж байсан. Тухайн үед сумын  эх баригч  нь баг руу  дуудлаганд явсан тул төрөхөөр ирсэн ээжийг анх гардаж эх барьж авсан. Маш их айж балмагдаж байсан. Хүүхдийн дуу  цангинах үeд л гэнэт ухаан орж эх үр хоёрыг эсэн мэнд уулзуулсандаа баярлаж, өөртөө бахархах сэтгэл төрж билээ. Тухайн үед эх баригч нь дуудлаганаас ирээд хүүхдийн хүйг хэт их иодын уусмалаар боож арьсыг нь улайлгасан байна гэж зэмлэж байсан нь одоо ч сэтгэлд ойрхон, тодоос тод санагддаг. Анхны зэмлэл минь цаашид ажиллах урам зориг өгч билээ.

-Та 35 жил эх баригчаар ажиллахдаа нийт хэдэн хүүхэд эх барив, Хүрээ амаржих газар хэдэн жил ажиллаж байна вэ?

-Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй ариун үйлсэд амьдралынхаа 35 жилийг зориулан үр бүтээлтэй ажиллаж  15.620 эхийг эсэн мэнд амаржуулсан.

Хүрээ амаржих газар 1994 оноос одоог хүртэл 30 жил тасралтгүй ажиллаж байна.

-Эх барих мэргэжлийн онцлог давуу тал юунд оршдог гэж та үздэг вэ?

         -Эх, үр хоёрыг амаржуулна гэдэг амаргүй үйл явц. Тэр тусмаа Эх баригчийн үйл хөдлөл бүхэн маш хариуцлагатай байхыг шаарддаг. Энэ бүхний ард хоёр           эрдэнэт хүний алтан амь нас яригдах учраас тэр шүү дээ. Тиймээс ямар нэгэн хүндрэл, эндэгдэлгүйгээр эхийг амаржуулж, хүүхдийг эх барих нь миний сонгосон, энэ улсад 35 дах жилдээ ажиллаж байгаагийн шалтгаан, хамгийн бахархах зүйл нь юм. “Шинэ хүнээ” өлгийдөн авах ээж хүн нүдэндээ баярын  нулимстайгаар” Эх баригчдаа баярлалаа” гэж хэлэхэд тэр мөчид  өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг. Шинэ хүнээ эсэн мэнд өлгийдөн авч ангир уургаа хөхүүлж буй  тэр агшин үнэхээр үгийн хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг даа.

 

Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө өгөөч?

-Эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг  бол дан ганц эмэгтэй хүний хариуцлага биш. Эрүүл хүүхэдтэй болохын тулд нөхөр ч гэсэн бие махбодь, сэтгэхүй, үйлдлээрээ  “эрүүл “ байх ёстой. Хамгийн гол нь залуучууд гэр бүл төлөвлөлт дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Гэр бүлээ маш сайн зөв төлөвлөж, жирэмслэхээс өмнө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж эрүүлжих хэрэгтэй. Жирэмсэн болсноо мэдмэгцээ эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орж товлосон өдрүүдэд тогтмол үзүүлэх хэрэгтэй. Жирэмсний хяналтанд эрт орсноороо жирэмслэлттэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлж эмчлэх боломжийг бүрдүүлэх бөгөөд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой тул эрт хяналтанд орохыг зөвлөж байна. Хяналтанд орсон бол эмчийн зөвлөгөөг сайтар дагах ёстой байдаг.

-Төрөх үйл явцын талаар дэлгэрэнгүй тайлбарлавал...

Төрөлт нь 3 үе шаттай явагддаг. Төрөлтийн 1 үе, төрөлтийн 2-р үе буюу төрөх үе, төрөлтийн 3-р үе гэж хуваадаг. Төрөлтийн 1-р үеийг далд үе, идэвхитэй үе гэж хуваадаг. Далд үе нь дунших үе.

Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнөөс хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болж бие хөнгөрөх мэдрэмж төрнө. Ууц нуруугаар чилж өвдөх, ойрхон шээс хүрэх, бага зэрэг салиархаг зүйл үтрээгээр гарах, жигд биш хаяа хатуурч базлах гэх мэт шинж тэмдгүүд нь  төрөлтийн 1-р үеийн далд үе явагдаж байгаагийн илрэл юм.

Идэвхитэй үед умайн базлалт жигд, олон давтамжтай удаан үргэлжилж хүчтэй болдог. Умайн хүзүү 5 см-ээс нээгдсэн үеэс эхлэн эрчимтэй базлалт явагдаж бүрэн нээгдэж 10 см болдог. Энэ үед тайван, өөртөө итгэлтэй байж, амьсгалаа хамраараа авч амаараа гарган, шингэн зүйлийг бага багаар ойрхон уух, ойрхон шээх хэрэгтэй.

Төрөлтийн 2-р үе умайн хүзүү бүрэн нээгдсэнээс төрөх хүртэл үе юм. Эмч, эх баригчийн зөвлөгөөг дагаж  амьсгалаа зөв удирдан, умайн булчин базлаж, дүлэлт ирэх бүрд гэдэсний булчингаа чангалан бүх хүчээрээ дүлж хүүхдээ төрүүлнэ.

Төрөлтийн 3-р үе нь хүүхэд төрснөөс хойш умай дахин базалж ихэс умайн хананаас сална. Ихэс салсан шинж тэмдэг илэрмэгц эмч хүйнээс татаж идэвхтэй аргаар удирдаж гаргадаг. Энэ үед дүлэх мэдрэмж төрдөг бөгөөд өвдөлт үүсэхгүй. Төрсний дараа төрөх замын урагдал байгаа эсэхийг шалгаж умайд 15 минут тутамд зөөлөн иллэг хийж умайн агшилтыг хянадаг. Нярайг ээжтэй нь хамт арьс арьсаар шүргэлцүүлж, гараа хөхөх, мөөмөө хайх, шүлс нь гоожих зэрэг хөхөх дохио шинж үүсэх үед нярайг амлуулж ээжтэй нь 2 цагийн турш хамтад нь төрөх орон дээр байлгана. Энэ мөч бол ээжийн хувьд дөнгөж мэндэлсэн бяцхан үртэйгээ танилцах хамгийн аз жаргалтай, нандин үе байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657367
0 эможи

keyboard_arrow_up