ЦЕГ: Дархан-Уул аймгийн эмнэлгийн ажилтан хар тамхины худалдаанд оролцож бусдад худалдаалдаг байж болзошгүй хэргээр шалгагдаж байна
Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Батхуяг "Их хэмжээний мансууруулах бодисыг Дархан-Уул аймгаас хууль бусаар олж авч, Улаанбаатарт худалдан борлуулдаг Монгол Улсын иргэн нэр бүхий таван этгээдийг энэ сарын 4-нд дайчлан баривчилж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна. Тус хэрэгт эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй" гэлээ.
Мөн Монгол Улсын нэр бүхийн 9 иргэн бүлэг зохион байгуулалтад орж, синтетик төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтоор БНХАУ-аас нүүрс тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсад нэвтрүүлж, худалдан борлуулж байсан гэмт хэргийг энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Эдгээр этгээдүүд өмнө нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.
Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 4-6-ны хооронд 19 хүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үүний гуравт нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.