“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.Мөнхбаясгаланг шалгаж дуусжээ
Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж, ашиглалтад бүрэн гүйцэд орж чадахгүй удсаныг уншигчид санаж буй. Эл чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ-ны албан тушаалтнууд хээл хахуулийн хэрэгт шалгуулж, ял шийтгүүлсэн нь ч бий.
Тэгвэл эл замтай холбоотой дахиад нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл” бол дээрх чиглэлийн авто замтай салшгүй холбоотой. Энэ төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Н.Мөнхбаясгалан өөртөө болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. Түүнийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2021 оны аравдугаар сард төслийн зохицуулагчийн албан тушаалд томилсон аж. Уг төслийн нэгжийнхэн Дарханы замын бүтээн байгуулалтыг хийж буй компаниудын ажлын тайланг хянаж, нэгтгээд ЗТХЯ-нд хүргүүлдэг, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлэх ажлыг хариуцдаг гэнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Д.Нанзаддоржийн хүү Н.Мөнхбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, өөртөө болон бусдад давуу бий болгосон хэмээн яллагдагчаар тооцсон байна.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин