Д.ГОНЧИГСҮРЭН: Миний шавь С.ЭНХБОЛД “Ангиографийн оношилгоог“ үүсгэн байгуулагчдын нэг
Монголын дүрс оношилгооны шилдэг эмч нарын нэг болох С.Энхболд шавьтайгаа АШУҮИС-ийг төгссөнөөс нь хойш 20 жил Радиологийн салбарын хөгжлийн төлөө хамт зүтгэж явна.
Монгол Улсын радиологийн нийгэмлэг 1995 онд байгуулагдаж байсан. Энэ нийгэмлэгийн сүүлийн 20 жилийн үйл ажиллагаа миний шавь С.Энхболдтой холбоотой. Түүний хувьд дүрс оношилгооны олон улсын чуулганыг зохион байгуулах хамгийн хүндтэй ажлыг хариуцлагатай хийж ирсэн. Монгол Улсад дүрс оношилгооны салбарыг хөгжүүлэхийн төлөө маш их зүйлийг хийсэн.
Түүний хувьд ажлын гараагаа эмчээс эхэлж байсан. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт рентген оношилгооны эмч, тасгийн эрхлэгч, дүрс оношилгооны төвийн захирал, УХТЭ-ийн ерөнхий захирал гэх мэт мэргэжлээрээ шат ахиж ажилласан.
Түүнээс гадна Ангиографийн оношилгоог нэвтрүүлсэн анхдагч нарын нэг юм.
Үүнээс гадна Монгол Улсын Хэвлийн хөндийн дүрс оношилгооны нийгэмлэгийг байгуулж, Ази, Номхон далайн хэвлийн хөндийн гишүүн орон болтол нь хөгжүүлж чадсан. Энэ бол эмч хүний хувьд маш их хөдөлмөр.
2018 онд болсон БНСУ-ын Радиологийн нийгэмлэгийн конгрессийн үеэр С.Энхболдын байгуулсан Монгол Улсын Хэвлийн хөндийн дүрс оношилгооны нийгэмлэг Ази-Номхон далайн Радиологийн нийгэмлэгийн гишүүн болж, батламжаа гардаж авсан.
Эрүүл мэндийн сайд болох үед нь багшийн хувьд маш их баярласан. Том салбарыг удирдах хэцүү ажил ч тэрээр маш сайн ажиллаж, олон ч том том шийдвэрүүдийг гаргаж байсан.