Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон иргэнийг саатуулжээ
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан иргэнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд олж тогтоон, саатуулжээ.
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон байжээ гэж ЦЕГ мэдээлэв.