“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хот нэн шаардлагатай мэргэжилтнүүдээ Германд бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг хамруулна. Энэ онд эхний ээлжид 100 хүүхдийг ХБНГУ-д сургана” гэдгийг онцолсон. Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аа. Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан.
Тус ажлын хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, шийдвэрлэлээ.
Уулзалтын үеэр “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг “Манай хүүхдийн төвөөс гурван хүүхдийг уг хөтөлбөрт хамруулахаар НЗДТГ-ын даргатай уулзаж, санал солилцлоо. Хүүхдүүдийн санал бодлыг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцлоо” гэв.
“Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хотын дарга Х.Нямбаатар хүүхдүүдийн сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалтыг зохион байгуулж, хүүхдүүдийг хамруулахаар болсон” гэдгийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хэллээ.