Үйлчлүүлэгчдийнхээ мөнгийн завшсан Усан спорт, сургалтын төвийн даргын гэм бурууг дэнслүүлнэ
Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төв орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Э.Миеэгомбо, нярав Ч.Ганболд, ажилтан Д.Уянга нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирэх баасан гарагт хэлэлцэхээр болжээ.
Тэд албан тушаалаа урвуулж, уг төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг хувийн дансаараа хүлээн авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан
юм. Э.Миеэгомбыг Усан спорт, сургалтын төвөөр үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичгийг их хэмжээгээр хэвлүүлэн тарааж, байгууллагадаа 85 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн анх шалгаж эхэлсэн
бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх гурван хүн хамтарч хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хүргүүлээд байгаа юм.
Түүнчлэн Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн дарга асан Э.Миеэгомбо мөрдөн шалгах ажиллагаанд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон нэгэн хувийн аж ахуйн нэгжийн менежер Э.Энх-Амгаланд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж буй
юм билээ. Тиймээс Э.Миеэгомбо, Э.Энх-Амгалан нарт Эрүүгийн хуулийн 21.5-1-ийн “гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлсөн”, 21.2-1-ийн худал мэдүүлэг өгсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин