Намын даргынхаа эсрэг ажилладаг Н.БАТЦОГТ нийслэлийн АН-ыг хөлдөө чирсээр
Ардчилсан нам нийслэлд ялалт байгуулахыг хүссэн бол даргаараа Женкогийн бөх гэгдэх Т.Батцогтыг сонгох учиргүй байсан юм. Найман жилийн дараа нийслэлд АН ялалт байгуулах бүрэн боломж бүрдсэн ч Д.Сумъяабазарын аманд хамгийн хөнгөн хоол болох намаасаа хөөгдөж явсан түүхтэй Батцогтыг өгчихлөө. Д.Сумъяабазар түүнийг зажлахгүй залгина гэхэд хилсдэхгүй.
Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн, БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөс хэтрээгүй түүний хажууд бол Д.Сумъяабазар гурван удаа УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Туулсан замнал, улс төрийн карьерын хувьд Т.Батцогтоос хавь илүү.
Т.Батцогт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Тэгэхдээ түүнд улс төрийн тэргүүнд залрах их хүсэл бий. Ах нь ч түүнийг тасралтгүй дэмжиж байгаа.
Т.Батцогтын хувьд “Женко” Х.Баттулгын квотоор нийслэлийн АН-ын даргад нэр дэвшин ялсан. Тэгэхээр нийслэлийн АН-ыг “Женко” атгаад эхэлчихсэн гэсэн үг. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нийслэлд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхийг шийдэх ч угтаа бол эдгээр хүмүүсийг түүний ах шийдэх бололтой. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ч үүнийг мэдэж байгаа. Гэвч тэр юу ч хийж чадахгүй.
Угтаа АН-ын дарга Лу.Гантөмөр эв нэгдлийг сахиулсан, ардчилагч, шинэчлэгчдийн хүчийг нэгтгэсэн маш зөв бодлого явуулж буй талаар намынхан нь ярилцдаг. Гэтэл нийслэлийн намын дарга нь намын даргынхаа яг эсрэг бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүний хувьд Хамтран зүтгэгч Д.Пүрэвдавааг шахсаар намаасаа зайлуулж, Баянзүрх дүүргийн АН-ыг хоёр хуваасан.
Үр дүнд нь Д.Пүрэвдаваа МоЛАН гэх намын дарга болж, АН-ын санал хуваагчийн тоо нэгээр нэмэгдсэн. Нийслэлийн АН-ын дарга гэх албан тушаалд очсон атлаа АН-ын даргынхаа бодлогын эсрэг ажиллаж буй Т.Батцогтын эсрэг намын анхан шатны гишүүд нь идэвхтэй тэмцэл явуулах гэнэ.
Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа бичиг цаасхан барьж гүйснээс бодлого боловсруулж, тактик хэрэгжүүлсэн түүх байдаггүй түүнийг энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцохыг л харах үлдлээ.
Т.Батцогт нь жилийн 58 сая төгрөгийн орлоготой. 443 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 29 сая төгрөгийн мал аж ахуй, 18 сая төгрөгийн газартай байна. Мөн 57 сая төгрөгийн үнэт эдлэл, 105 сая төгрөгийн хадгаламж, 31 сая төгрөгийн авлагатай гэжээ. Мөн 301 сая төгрөгийн зээлтэй , “И ЭМ СИ ЭЙЧ Инженеринг” ХХК- д хувьцаа эзэмшдэг.