А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого, чиглэл, удирдлагын шийдвэр, иргэдийн сонгон шалгаруулалтын шаардлага, цаашдын үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ баяр хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга гэх асар их хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байна шүү дээ. Өөрийгөө уншигчдадаа танилцуулна уу?
Баярлалаа, Танай хамт олонд болон уншигчдадаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Авирмэдийн Мөнхцэцэг гэдэг. Би цагдаагийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. 1999 онд Цагдаагийн академид элсэн орж, сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч гэх албан тушаалын томилолт өвөртөлж ажлын гараагаа тэндээс эхлүүлснээр Эрүүгийн цагдаагийн албанд эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хүний нөөц хариуцсан ахлах, чиглэлийн ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоогийн энэ албан тушаалд томилогдоод байна.
Цагдаагийн байгууллагын төв аппаратад анх удаа эмэгтэй хүний нөөцийн дарга томилогдов уу?
Тийм ээ, Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, ажил, албан тушаалд томилуулах, мэргэжил, мэргэшлийн түвшинг нь дээшлүүлэх чиг үүрэг бүхий хүндтэй бөгөөд хариуцлагатай энэ албан тушаалд анхных нь эмэгтэй даргаар томилогдсондоо баяртай байна.
Ярилцлагаа цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хүний нөөцийг хэрхэн бэхжүүлж байгаа бодлого, шийдвэр, зарчмын талаар эхэлье?
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектын хамгаалалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч нь тусгайлсан шаардлага, шалгуурыг хангасан, мэргэшсэн байхыг шаарддаг юм.
Бид байгууллагын эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийг төлөвлөх, сонгон шалгаруулах, бүрдүүлэх, бэлтгэх, оновчтой хуваарилах, тэдний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/199 дүгээр тушаалаар “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/19 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг баталж, мөрдөн ажиллаж байна.
Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас жил бүр дэвшүүлсэн зорилтод алба хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа, эрүүл мэнд нийгмийн баталгааны талаар тусгадаг. Энэ онд “Алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалж, нийгмийн баталгааг хангана.” гэх зорилтыг дэвшүүлж, зорилтоо хангах чиглэлээр нэлээд ажил, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад анх орох иргэдийг хэрхэн сонгож байна вэ? Офицер, ахлагч тус бүрээр дэлгэрэнгүй тайлбарлавал?
“Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/80, “Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-ыг Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны А/01 тушаалаар тус тус шинэчлэн батлуулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчим /мерит/-д үндэслэн сонгон шалгаруулж, томилох нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
Мөн цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны албан тушаалд 30 хүртэл насны, мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардах албан тушаалд 35 хүртэл настай, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас халагдаж, чөлөөлөгдөөд эргэж орох хүсэлт гаргасан иргэн 40 хүртэлх насны, биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см буюу түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдрын болон ёс зүйтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагыг хангасан иргэнийг “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтад бүртгэдэг л дээ. Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-аар төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг зохицуулдаг тул шалгалтыг тус журамд заасны дагуу зохион байгуулдаг юм.
Офицерын албан тушаалын хувьд цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их сургуулийг төгссөн сонсогчдыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд цолны албан тушаалд томилохоос гадна бага цолны албан тушаалд ажиллаж, албан тушаал шатлан дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас нөхөх зохицуулалттай.
Энэ онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор 5 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөснөөс 2 удаагийн сонгон шалгаруулалтад 277 иргэнийг нөөцөд бүртгэсэн. Үүнээс 164 иргэнийг Дотоод хэргийн их сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад хамруулаад байна.
Яг одоо цагдаагийн байгууллага иргэдийг сонгон шалгаруулж авч байгаа систем өөрөө зөв үү?
Дээр хэлсэнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын хамгаалалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага юм л даа. Тийм ч учраас эрүүл мэнд, бие бялдар эрүүл чийрэг, сэтгэл зүйн хувьд үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжтай байхыг шаарддаг учир тусгай шалгалтыг зохион байгуулж сонгон шалгаруулж авдаг систем өөрөө зөв гэж хэлмээр байна.
Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллах иргэдийг олон сараар дадлага хийлгэж, тухайн хүнээ таних, судлах ажлыг явуулдаг байсан. Одоо хэвээрээ юу?
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “... төрийн тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно” гэж заасан бөгөөд ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч нь тусгайлсан шаардлага, шалгуурыг хангасан, мэргэшсэн байхыг шаарддаг.
Тиймээс “Цагдаа, дотоодын байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-ыг шинэчлэн баталж, байгууллагын хэмжээнд, шинээр болон туршилтын хугацаагаар томилогдсон алба хаагчдыг ажил албанд нь богино хугацаанд сургах, дасан зохицуулах, ажил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргуулахгүй байх, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгоор дасан зохицох хөтөлбөрт хамруулдаг. Хөтөлбөрт хамрагдсанаар томилогдсон ажилтнууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, өдөр тутам мэдвэл зохих зүйлс, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх мэдлэг, дадлагыг олж авдаг.
Мөн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа иргэдийг практикт дадлага хийлгэж, судлах ажиллагааг явуулдаг.
Алба хаагчид мэргэших, мэргэжил эзэмшихэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Хууль сахиулах салбарын бодлого, чиглэл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, удирдах ажилтан, алба хаагчдын давтан болон ур чадварын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө” гарган, хэрэгжүүлж байна. Энэ жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 129 удаагийн сургалтад 9452 алба хаагчийг хамруулахаар төлөвлөсөн юм. Төлөвлөгөөний дагуу алба хаагчийг ажлын байран дээр нь дадлагажуулах буюу давтан сургалтыг тухайн ажиллаж буй нэгжид нь, ажлын цагийг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулах, багц сургалтын системийг нэвтрүүлж алба хаагч өөрийгөө хөгжүүлэх, чадамжийн үнэлгээнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын удирдлагаас алба хаагчдаа чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?
Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулахад тэдний нийгмийн баталгааг хангах ажил томоохон байр суурийг эзэлдэг. Тиймээс алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг батлуулж, тэдний цалинг үе шаттай нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах, орон сууцны урьдчилгаа олгох, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, гадаад улсад сургалтад хамруулах зэрэг олон төрлийн ажлуудыг хийхийн зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн баталгааг хангах зохицуулалтуудыг тусгасан байдаг. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуульд Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээх, мөн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж өгсөн.
Мөн алба хаагч, байгууллагын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад алба хаах гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг баталж, ажлын байрны шаардлага хангаж, мэргэшлийн шалгалтад тэнцэж томилогдсон алба хаагчидтай алба хаах гэрээ байгуулж хэвшсэн. Гэрээ байгуулснаар байгууллага, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад чухал нөлөөтэй гэж хэлж болно.
Алба хаагчид мерит зарчмаар шатлан дэвшихэд ахлагч бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, нөхөн хангалтыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
Хууль, эрх зүйн баримт бичгийн хувьд Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, “Дотоодын цэргийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, “Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам” болон бусад холбогдох эрх зүйн актын дагуу байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг аль болох оновчтой тодорхойлж, эрүүл, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхыг дээшлүүлэхэд анхаарч, томилолт, шилжилт хөдөлгөөнийг хийж байна.
Алба хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн, чадахуйн зарчим (мерит)-д тулгуурлан албан тушаал шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, нээлттэй сонгон шалгаруулах замаар албан тушаалд томилох, төрөөс баримталж буй бодлогод нийцүүлэх, алба хаагчийн албан тушаал шат дараалан шударгаар ахих бололцоог олгох, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн томилгоо ил тод нээлттэй, шилэн болгох бодлого баримталж ажилладаг.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас хүний нөөцийн бүх асуудалд хууль, журмын дагуу шатлан дэвших зарчмыг баримтлан шийдвэрээ гаргаж байна. Төрийн алба шударга ёс, хууль дээдлэх зарчмаар явж, хөгжин дэвжих учиртай. Цагдаагийн байгууллагын нөөцийн жагсаалт нь офицерын, ахлахын, чиглэлийн ахлах, тасаг, хэсгийн даргын, газар, хэлтсийн даргын, албаны даргын зэрэг төрөлтэй байдаг л даа. Энэ онд ахлагчаас офицерын албан тушаалд дэвшүүлэх нөөцөд 248 алба хаагчийг бүртгэснээс өнөөдрийн байдлаар 85 буюу 34.3 хувийг дэвшүүлэн томилоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт 90.4 хувьтай байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бүрэн боломжтой гэж хэлж болно.
Сүүлийн үед алба хаагчийг удирдах албан тушаалд томилохдоо сонгон шалгаруулалт зарладаг болсон байна лээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Тийм ээ, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд удирдах албан тушаалын 37 сул орон тоонд, 7 удаа сонгон шалгаруулалт зохион байгуулж, томилолтын асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү 7 удаагийн сонгон шалгаруулалтад 96 алба хаагч оролцож, ажлын байрны шаардлага хангасан, холбогдох шалгалт болох ууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн, дүн шинжилгээ хийх чадварын, асуудал шийдвэрлэх чадварын, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын, удирдан зохион байгуулах чадварын, манлайлах чадварын, багаар ажиллах чадварын гэсэн бүрэлдэхүүнээр шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 60.0 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд тусгай шалгалтад тэнцсэнд тооцож, тухайн өрсөлдөж байгаа албан тушаалд хамгийн өндөр оноог авсан алба хаагчдыг дэвшүүлэн томилуулж байна.
Танай байгууллагын хүний нөөцийн өмнө тулгамдаж байгаа асуудал бий юу?
Аливаа байгууллага бүрийн тогтвортой хөгжлийн амин чухал бодлогын нэг нь хүний нөөцийн зөв бодлого юм. Байгууллагын ирээдүйн хөгжил, өнөөгийн амжилтын үндэс нь алба хаагч, ажилтан байдаг. Иймээс хүний нөөц буюу хүмүүн капиталыг хөгжүүлэх, тогтвортой байлгах нь хөгжлийн гол түлхүүр асуудал бөгөөд хүний нөөцийн бодлогод томоохон шинэчлэлүүдийг хийх шаардлага зайлшгүй гарч ирж байна.
Хүний нөөцийн хувьд өндөр мэдлэг, чадвар байхаас гадна хүний хөгжлийн гол суурь чадвар болох зөв хандлага, харилцаа чухлаар тавигдаж байгаа тул өнөөгийн залуус юу хүсэж, юунд тэмүүлж, ажлын ямар орчин, хөгжих боломж хайж байгаа, тэр онцлогийг нь мэдэрч, түүнд тулгуурласан бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх нь чухал.
Иймээс бид цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа хүний нөөцийн бодлого, алба хаагчаа бэлтгэж буй байдал, үр дүн, бүтэц, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчны нийцлийг судалсны үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлох, зөвлөмж авах чиглэлээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээ авсан. Дээрх байгууллагаас манай байгууллагын хүний нөөцийн менежментийн талаарх судалгааны ажлын дүн, бусад нөхцөл байдалтай уялдуулан судлаачдын өгсөн 8 зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор олон улсын стандартын байгууллагаас гаргасан хүний нөөцийн менежментийн ISO 30400-30406 багц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр судалж байна. Уг стандартыг байгууллагадаа нэвтрүүлснээр хүний нөөцийн зөв, тогтвортой менежменттэй болох, ажиллах хүчийг төлөвлөхөөс эхлээд бүрдүүлэлт, тогтвортой ажил эрхлэлт, зөв засаглал, карьер хөгжил зэрэг нэгдсэн системтэй үйл явцыг бий болгох, байгууллагын нэр хүнд өсөж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох зэрэг олон үр дүн гардаг юм билээ.
Ярилцлагын төгсгөлд тодруулахад, танай байгууллагын алба хаагчид хэрэг, зөрчилд холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа тохиолдол цөөнгүй гарах болсон. Дотоод хяналтаараа ч илрүүлдэг, бас иргэдийн өргөдөл, гомдлын дагуу бусад хууль хяналтын байгууллага ч шалгаж шийдвэрлэдэг байх. Алба хаагчид яагаад хэрэг төвөгт орооцолдоод байгаад судалгаа хийдэг үү?
Түрүүн хэлсэнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллага бол төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Тиймээс хуулийг дээдэлж, захирах, захирагдах ёсыг хэлбэрэлтгүй баримтлан, албандаа хүндэтгэлтэй хандаж, бие биедээ зарчимч шаардлага тавьж ажилладаг. Бид сахилга хариуцлагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа байнга сайжруулж явах ёстой.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалтгаан нөхцөлийг арилгах чиг үүрэг бүхий Дотоод хяналт-Аюулгүй байдлын нэгжтэй. Энэ нэгж дотоодын хяналтаар болон иргэдээс ирүүлсэн алба хаагч, ажилтайнтай холбоотой гомдол мэдээлэл бүрийг бүртгэл, хяналтдаа авч, шалгалт хийн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, шийдвэрлэдэг. Гомдол мэдээлэлд дурдсан асуудал бодитой, ямар нэгэн хууль тогтоомж зөрчигдсөн, хариуцлага, сахилга алдсан нь шалгалтаар тогтоогдсон тохиолдол нэг бүрт хариуцлага тооцож, тохирсон шийтгэл ногдуулдаг юм л даа.
Мөн алба хаагч, ажилтны сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар сахилга, ёс зүйн зөрчил болон гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх,таслан зогсоох, үүрэг гүйцэтгэлийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө”, “Зөв хэвшил, хандлага”, “Өнгө нэмцгээе” “Алба хаагч таны төлөө” зэрэг соён гэгээрүүлэх, ухуулга, нөлөөллийн аян, болзолт уралдаан зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин