ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгасан байжээ
Өнөөдөр /2024.04.25/ Хүний эрхийн үндэсний комиссоос/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү " Банк, санхүүгийн салбарт хэд хэдэн асуудал тулгарч байна.
Тухайлбал банкны үйл ажиллагааг шүүмжилсэн харилцагчийнхаа хувийн мэдээллийг олж авч, утсаар холбогдсон. Ингэхдээ тухайн банкны үүдэн байршсан царай таних төхөөрөмж, камерын тусламжтайгаар мэдээллийг нь авч, харилцагч руугаа утастаад "Та манай банкийг шүүмжилсэн байна. Үүнийг одоо залруул” гэж хувь иргэний мэдээллийг буруугаар ашигласан. Энэ хүрээнд ХЭҮК-оос тухайн банканд шаардлага хүргүүлсэн байдаг.
Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) зээлээ төлдөггүй хүмүүсийн хувийн мэдээллийг нь ашиглаад “Чамайг танай байгууллагын даргад мэдэгдэнэ” гэж дарамталсан тохиолдол гарсан. Энэ бол аль өнгөрсөн тогтолцооны үзэгдэл.
Автомашины ломбардын үйлчилгээ үзүүлж буй байгууллагатай холбоотой ноцтой гомдол бий.
Ломбардын компани холбогдох гэрээгээр тухайн хүний авто машиныг өөрийнхөө өмчлөлд авсан мөртлөө машинд нь давхар GPS буюу байршил тогтоодог төхөөрөмж суурилуулдаг.
Хамгийн хорлонтой нь үүнийг суурилуулахдаа тухайн машины жолоочид хэлдэггүй. Үүнд комиссын зүгээс маш хатуу байр суурьтай байгаа.
Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд заасан хүнийг хууль бусаар мөрдөж, мөшгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдэл. " гэв.