Х Богд билгийн тооллоор өнөөдөр 11 нас хүрлээ
Билгийн тооллоор өнөөдөр /2024.04.23/ Х Богдын 11 насны төрсөн өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баясч байна.
Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.
Монголын бурханы шашны сүм хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд нь залах ёслол өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон.
Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн юм. Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн юм.









