Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу нийт 40 тонн хог түүжээ
Урин цаг наашилж, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор "Солонго-Хонх" Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" хэмээх холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 20-нд "Хоггүй Тэрэлж" аяныг өрнүүллээ.
Энэхүү аянд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага болон Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны төлөөлөл нийт 320 гаруй хүн оролцсон ажээ.
Тэд Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу нийт 40 тонн хог түүж, машинаар хогийн цэг рүү зөөсөн байна. Энэхүү аяныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам дэмжин оролцсон бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэлээ.