БЗД-ийн Засаг дарга Н.БАЯРМӨНХ “БУУДЛЫН МЕНЕЖЕР“ мэргэжилтэй, БААРНЫ БИЗНЕСТЭЙ
Хангарьд ордонд салаавч гаргаж, олны хараанд өртсөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өмнө нь зодоон цохион хийснээс цагдаад шалгагдаж байсан гэх дуулианд нэр холбогдож явсан нэгэн.
Түүний хувьд Төв аймгийн Баянчандмань сумын уугуул. Тэрээр 1990 онд Баянчандмань сумандаа 10 жилээ төгсөөд, Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж, 1992 онд Дархан хотод эргүүлийн цагдаа болсон.
2002 онд “Старжин” ХХК-ийг байгуулж, “Hollywood” гэх фитнес клуб болон шөнийн клубыг нээж бизнест охөл тавьж байсан түүнийг 2008 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон юм. Өөрөөр хэлбэл тэр бакалаврын дипломгүй байж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байх юм.
Харин ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа буюу 2009 онд “Хартфорд институт” гэх сургуулийг зочид буудал, аялал жуулчлалын менежер чиглэлээр суралцаж төгссөн бол 2010 онд Удирдлагын академийг төгссөн байна.
Тэрээр БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав улирч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоос 2020 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон дэвшсэн билээ.
“Авто плаза”-тай хаяа залгаа “Hollywood” баарыг 22 жил ажиллуулсан Н.Баярмөнх өдгөө хураасан хөрөнгөөрөө бусад дүүргийн Засаг дарга нарыгаа тэргүүлдэг. Тухайлбал, Н.Баярмөнх 6.5 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж мэдүүлдэг.