Э.Батшугар: Санхүүгийн хувьд хариуцлагатай иргэдийг үнэлдэг системийг нутагшуулах шаардлагатай
Өнөөдрийн чуулганаар /2024.04.19/ “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Саяхан Монголбанкнаас мэдэгдэл гаргасан. Бидний ярьдгаар хар жагсаалтад орсон болон эргэлзээтэй зээлдэгч нарыг өршөөсөн тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэдэн асуулт байна.
Эхнийх нь иргэдийн хэрэглээний зээлийг Хөгжлийн банк болон бусад Засгийн газрын тусгай сангаас авсан зээлдэгч нарын хэргээс ялгаж байгаа юу, энэ хоёр бол тусдаа асуудал гэдгийг тодотгож хэлмээр байна. Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Энэ бол 2011 онд батлагдсан хуулиар зохицуулагдаж байна.
Энэ хугацаанд манай банк, санхүүгийн салбар хэд дахин томорсон, мөн дэлхийн чиг хандлага ч өөрчлөгдөж байна шүү дээ. Учир нь хэрэглээний зээл аваад чанаргүй зээлдэгчийн тоонд орсон нөхдөд том сангаас зээл авсан хүмүүстэй ижил санхүүгийн зургаан жилийн хориг тавьж буй. Үүнийг илүү уян хатан болгох шаардлагатай.
Хоёрдугаарт боловсролын зээлийн сангийн асуудал бий. Хоёр сая төгрөгийн сургалтын зээл аваад цар тахал гэх мэт янз бүрийн шалтгаанаар ажил төрөл олдоогүй, зээлээ төлж чадаагүй хүмүүсийг гадаадын том сургуульд суралцах зээл авчхаад төлөөгүй хүмүүсийг энэ хоригт оруулдаггүй.
Энэ бол шударга бус зүйл гэж бодож байна. Мөн зээлээ цаг тухайд нь төлж байгаа иргэдийг урамшуулах бодлого байдаггүй. Тиймээс зээлийн мэдээллийн сангийн аргачлалыг өөрчлөх шаардлагатай байна. Санхүүгийн хувьд хариуцлагатай иргэдийг үнэлдэг системийг манайд нутагшуулах шаардлагатай байна. Монголбанкнаас гаргасан өршөөлд нийт хэдэн иргэн хамрагдаж байгаа вэ, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсье" гэлээ.