Шашны гэх тодотголтой ЕБ-ын 112-р сургуулийн барилгын зураг төсвийг шинээр хийнэ
2024 он гарсаар 1 сарын 31-ний өдөр Бурхны шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол батлагдан гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдын тушаал, НИТХ-ын шийдвэр гарч, 112 дугаар сургуулийн барилгын зураг төсвийг шинээр хийж, барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг шийдвэр болон холбогдох төсвийн тооцоолол, сургалтын хөтөлбөр зэргийг энэ сарын 16-ны өдөр холбогдох хүмүүст нь гардууллаа.
Энэ хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлээд байна. Түүнчлэн, шашны чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар болоод байгаа юм.
Энэ онд баригдах хичээлийн шинэ байр нь 320 хүүхдийн суудалтай байх юм.
Шашны гэх тодотголтой ерөнхий боловсролын төрөлжсөн 112 дугаар сургууль Гэсэр сүмийн хуучин барилгад олон жил үйл ажиллагаа явуулж байсныг 2023 онд Шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирсан байна. 112 дугаар сургуулийн сурагчдын хичээллэж байсан байр нь 1954 онд баригджээ.
Харин Шашны дээд сургууль 1970 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ.