Эрүүл мэндийн салбарынхан ӨӨРТ ХАМААРАЛТАЙ КОМПАНИА хайж эхэлжээ
Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдрийн сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж нийтэд мэдээлж, шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.
Энэ үеэр өөртэй нь хамаарал бүхий хэмээн яригдсан "Мөнхийн Тун" ХХК-ийн талаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тайлбар мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр "Шинжээч нараас нэг зүйлийг асуумаар байна. Хүмүүсийн нэрс явж байна л даа. Энд миний мэддэг хэд хэдэн хүний нэр байна. Бүгдэнгийнх нь албан тушаалыг нь буруу бичээд, хамаатуулаад тавьчихсан байх юм. Хамгийн гол нь энийг Монгол Улс даяар сонсож байгаа, харж байгаа. Энэ баримтаа жаахан нотолгоотой, судалгаатай ярьмаар байна. Ингээд бүх хүмүүсийг хамаатуулаад, бүгд ингээд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс болж хувирч байна.
Намайг "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэж байна. Би тус компанитай ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагтайгаар хэлмээр байна. Ямар журмаар яаж хамаарч байгааг би ч мэдэхгүй.
Яг хамааралтай гэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох хэрэгтэй. Миний үед Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар гурван ч хүн ажилласан. Хоёр даргыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй байна гээд томилсон. Гэтэл өнөөдөр ийм юм ярьж байна" хэмээсэн юм.
Улс орон даяар шууд дамжуулж байгаа "Эмийн сонсгол"-д оролцож буй шинжээчид яаран дүгнэлт хийж, тухайн хүнээс ч тодруулалгүйгээр мэдээллийг орон даяар цацсан байх юм.
Тус асуудалд нэр холбогдсон зарим албан тушаалтнууд шинжээчдийн баримт худал гэдгийг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсээр байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа өөрийн цахим хуудастаа “Эмийн сонсгол”-ыг сайн нягтлаагүй, их л яаруу явуулж байх шиг. Бүх мэдээлэлд нь итгэх хэрэггүй юм байна. Насандаа нэрийг нь сонсоогүй компанитай холбосон ч байх шиг. Төрийн түшээ гэхээр хүн гүтгэж болдог юм уу..." хэмээсэн бөгөөд түүний цахим хуудсан дор зарим албан тушаалтнууд ч мөн өөрсдийн хамаарал бүхий компанийг хайж байгаа тухай, хамаарал бүхий компаниас хувь авах тухай нийтэлсэн байна.
Эмийн сонсгол хийх нь зөв хэдий ч ийнхүү хүний нэр төрд халдаж, иргэдэд буруу ойлголт төрүүлэх нь хэр зохистой вэ...