ОБГ: Сүүлийн өдрүүдэд галын дуудлага мэдээлэл ихсэж байна
Хуурайшилтын үе эхэлсэн энэ хугацаанд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага, мэлээлэл нэмэгдэж байна. Жишээлбэл, өчигдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хар чулуутын ам гэдэг газарт шар өвс шатаж байна гэх дуудлага 15:25 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3 га газар шар өвс шатаж байсныг бүрэн унтраажээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт улам нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл дагуулж байна.
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажилласан байна.
Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж,
- Үнс нурмыг битүү тагтай саванд хийх
- Ой, хээрт явахдаа тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх
- Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
- Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх
- Асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.









