Хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаарх гомдлын 66,8 хувийг иргэд гаргажээ
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон бөгөөд зөвхөн иргэн, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг.
Улсын хэмжээнд 2023, 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авсан байна.
Иргэн, байгууллагаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дээрх 202 гомдол, мэдээллийн дийлэнх нь хувь хүнээс гаргасан гомдол байна. Тодруулбал, нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг иргэнээс, 37 буюу 18.3 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас, 30 буюу 14.9 хувийг албан тушаалтнаас гаргасан бол 91 буюу 45 хувь нь сайт, 30 буюу 14.8 хувь нь сэтгүүлч, 3 буюу 1.4 хувь нь телевизтэй холбоотой байна.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд иргэн, байгууллагаас гаргасан зөрчлийн шинжтэй 15 гомдол, мэдээллээс 9 гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гэмт хэргийн шинжтэй 1 гомдлыг харьяаллын дагуу мөрдөх байгууллагад шилжүүлж, бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлийн 5 хэрэгт нэр бүхий 3 сэтгүүлчид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль оногдуулжээ.
Харин иргэн, байгууллагаас гаргасан “Хувь хүний нууцыг задруулах”, “Худал мэдээлэл тараах”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, “Татвар төлөхөөс зайлсхийх”, “Мөнгө угаах”, “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” зэрэг гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авч, прокурорт санал гаргаж ирүүлснээс 106 буюу 56.6 хувийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн байна.
Иргэн, байгууллагаас гаргасан гэмт хэргийн талаарх дээрх 187 гомдол, мэдээллийн 12.8 хувь буюу 24 хэрэгт мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хуульд заасны дагуу нэг яллагдагчийн хэд хэдэн үйлдлийг нэмж нэгтгэсэн байна.
Мөн хугацаанд шүүхээс 2 сэтгүүлчийг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээллийг залруулж, бусдын нэр төрийг сэргээх арга хэмжээ авахыг даалгасан байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг баталгаатай эдлэх бөгөөд энэ нь нэг талаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаас бусдын эрхэд халдсан буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг шүүхээс оногдуулах байдлаар баталгааждаг эрх юм.