Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар мотоциклтойгоо 10 улсаар аялна
Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр эмэгтэй 10 улсын нутаг дэвсгэрийг хоёр сарын турш мотоциклоор туулах холын аялал эхлүүлэх гэж байна.
Тэд аялалдаа гарахад бэлэн болсноо өчигдөр /2024.04.10/ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд өмнөх амжилтаа ахиулан бататгахаар нийт 30 мянган км засмал, шороон замыг хоёр сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ Улаанбаатараас Баян-Өлгий, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Москва, Алтанбулаг гээд Улаанбаатарт эргэж ирэх юм.
Мөн тэд өмнө нь буюу 2020 онд Монгол орныхоо нутгаар 5700 км замыг амжилтай туулаад иржээ. Н.Оргилмаагийн хувьд "Moto rent Mongolia" хэмээх мотоциклын сургалт явуулдаг бөгөөд 17 жилийн туршлагатай мотоциклчин ажээ. Тэгвэл энэ удаагийн холын аялалдаа тэд энэ сарын 19-ний өдрийн 08:00 цагт Чингисийн талбайгаас хөдлөхөөр болсон байна.