Г.Гэрэлтуяа: ЭХХШ хуулийн дагуу Н.Өнөрцэцэгийн сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Өнгөрсөн Баасан гарагт буюу 2024.04.05-ны өдөр Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан.

Зарим хүмүүс үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй арга хэмжээ авч, Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байна гэж шүүмжилж байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.

- Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлалаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөөч?

- Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчиж таслан сэргийлэх арга хэмжээ авсан, сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт ямар ч хуульд байхгүй гэдэг бол ташаа мэдээлэл байна.

Эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүн энгийн иргэний эдлэх бүх эрхийг эдлэх боломжгүй, Үндсэн хуульд заасан зарим эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тохиолдолд хязгаарлагддаг.

 Тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн яллагдагчаар татагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх, ажил хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг нь хязгаарлаж, “цагдан хорих”, “хилээр гарахыг хязгаарлах”, “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” зэрэг хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн байцаалтын явцад шүүхийн зөвшөөрлөөр авдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд яллагдагч, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах”, “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хязгаарлалт тогтоох”, “барьцаа авах”, “цагдан хорих”, “цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” гэсэн 6 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авч болно гэж хуульчилсан байдаг.

Н.Өнөрцэцэгт авсан сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ юм.

Уг таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэл, журмыг мөн хуулийн 14.4 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байдаг. Тодруулбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно гэж заасан.

Н.Өнөрцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон учраас түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд тодорхой мэргэжлийн буюу сэтгүүлчийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд гаргаж, шийдвэрлүүлсэн.

Одоо тус прокурорын газарт Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна.  

-Энэ арга хэмжээг өмнө нь авч байсан тохиолдол байна уу? Ер нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг яагаад ингэж хязгаарлаж, ажил хөдөлмөр эрхлэх эрхэд нь халдаад байгаа юм бэ?

- Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг 2023 онд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан 18 хүнд, 2024 оны эхний 3 сарын байдлаар гэхэд 12 хүнд авсан.

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль ёсны байх зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Хуулиас гадуур хэнийг ч мөрдөн мөшгөж, эрх чөлөөг нь хязгаарлах боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.  

Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, өмгөөлөгчөөр хангаж байгаа. Түүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан асуудал огт байхгүй. Хэрвээ шүүгч, прокурор, мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар гомдол гаргах эрх яллагдагч, өмгөөлөгч гээд хэргийн бүх оролцогч нарт нээлттэй байгаа.

Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь мэргэжлийн давуу байдлаа урвуулан, зохисгүй зураг, дүрс ашиглаж, өөрт нь хуулийн дагуу авсан таслан сэргийлэх арга хэмжээг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ойлголт мэдээлэл өгч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, шүүгч, прокурорын хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж ойлгогдож байна.

- Түүний өмгөөлөгч О.Батсүх мөн ярилцлага, мэдээлэл өгөхдөө Н.Өнөрцэцэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчсөн гэж хэлсэн. Энэ талаар?

- Үйлчлүүлэгчдээ хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бүрэн дүүрэн мэддэг байх гэж бодож байна.

Харин тухайн өмгөөлөгчийн зүгээс хуульд тодорхой заасан зүйлийг ямар зорилгоор олон нийтэд буруу тайлбарлаж байгааг бол хэлж мэдэхгүй байна.  

 

Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656135
1 эможи

keyboard_arrow_up