Түймрийн эрсдэл эдгээр аймгуудад хамгийн өндөр байна!
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Булган, Архангай, Хөвсгөл болон Сэлэнгэ аймгийн зарим нутгаар ой хээрийн түймэр гарах эрсдлийн үнэлгээгээр их гэсэн үнэлгээ аваад байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Галын түймрийн эрсдэл үүссэн газруудын зарим мэдээллийг хүргэвэл, усын хэмжээнд энэ сарын 9-ний өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг долоон аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Хэнтий аймгийн Батноров сумын “Цогт-Өндөр Уул” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 16:07 цагт бүрэн унтраасан гэв.
Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн 12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөн шатжээ.
Хуурайшилтын улирал эхэлсэн үед түймрийн эрсдэл үүсэж байгаа бөгөөд салхины хурд их байх нь түймрийг тархаах нөхцөл үүсээд байгаа юм. Ийм цаг уурын байгууллагаас дараах мэдээллийг хүргэжээ.
Энэ сарын 12-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 13-нд инэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с хурдтай салхилна. Энэ нь зарим тохиолдолд 24 м/с болж ширүүснэ гэлээ. Иймд хол замд гарахдаа иргэн та анхаарал болгоомжтой байх, шуургатай үед төөрөх зэрэг эрсдэлээс өөрийгөө авран хамгаалж, цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй авч байхыг анхааруулж байна.
Хуурайшилтын улирал эхэлсэн энэ цаг үед хэрхвэл зохих талаар мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж мөрдөхийг сануулсан байна.
Үүнд:
- Тал хээр газар зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
- Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
- Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,
- Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.