Эцэг, эхгүй дөрвөн хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгосноор сурч боловсрох, хүүхдийн мөнгөө авах боломжтой боллоо
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авчээ.
Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагчгүй дөрвөн хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээтэй болгосон байна.
Үүний үр дүнд тухайн хүүхдүүд сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой боллоо. Мөн прокуророос тэдгээр хүүхдийн өмнө нь аваагүй мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлжээ.
Түүнчлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д дээрх байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ