Дүнжингаравын дэлбэрлэлтийн үеэр иргэд болон том тэрэгний жолоочийг аюулаас холдуулсан иргэн сэтгэгдлээ хуваалцлаа
Иргэн Б.Анхбаяр "...Энэ бол би.
Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч.
Сошиал орчинд шуугиснаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан. Ямар нэг байдлаар хандалт авж, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй. Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.
Тэр өдөр..,
Тэнд юу хийж явсан юм бээ гэж үү.?
Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал. Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй. Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашгирч гүйсэн.
Уулзвар руу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан. Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж Их Монгол төв рүү түлхэж оруулсан. Дараа нь иргэдийн live - аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол 2 дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан. Миний хашгираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан.
Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэд рүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төв рүү ярьж машины эзэд рүү холбогдож болдгийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр. Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн. Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүү дээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш. Товчхондоо ийм.
Дахин хэлэхэд би галыг унтраах гэж гал руу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүс рүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй. Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдэлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн.
Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз.
Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд Ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүс рүү алба хаагчдаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?!
Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100 хувь хангаж ажиллах ёстой биз дээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлодоггүй байна аа!!!
Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Улс төрчиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу?!
Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ. Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна. Ард иргэдийнхээ төлөө Алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье. Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!!! гэжээ.