ЦЕГ: Эрэн сурвалжлагдаж буй 20 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 47 этгээдийг дэвшилтэт технологи ашиглан оллоо
Цагдаагийн байгууллага нь долоо хоногт дунджаар 35-38 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 600-700 хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн ажилладаг аж.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлагдаж буй 20 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 47 этгээд, сураггүй алга болсон 36 хүн, шүүхээс даалгасан хүн 60, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоожээ.
Түүнчлэн Зөрчлийн шинжтэй 82,492 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 82.417-г нь шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллагад нэг хоногийн хугацаанд ирж буй дуудлага мэдээллээс харахад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 88, эрүүлжүүлэхэд саатуулагдсан хүний тоо 100, нэгнийгээ гэмтээсэн дуудлага 64 бүртгэгджээ. Үүнээс гадна хоногтоо гэмт хэргийн шинжтэй 110 дуудлага, зөрчлийн шинжтэй 1600, хулгайлах гэмт хэргийн 22, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 дуудлага тус тус бүртгэгдсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийн цаана хүний эрх, аюулгүй байдал, иргэний цагдаагийн байгууллагад итгэх итгэл, хэрэг, дуудлага мэдээллийг шуурхай шийдвэрлэхийг зорьсон олон зуун алба хаагчийн нүсэр хөдөлмөр бий.
Нэг зөрчлийн цаана 2-5 хүний эрх яригдаж байдаг учир цагдаагийн алба хаагчид, мөрдөгч нарт том, жижиг хэрэг гэж байдаггүй хэмээн үздэг.