“Шинжиан шинфа”-гийн захирал 3.8 тэрбум төгрөгийн татварыг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын байцаагчид хахууль өгчээ
“Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен дахин авлигын хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийсэн. Улмаар 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг илрүүлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн дагуу татвар ногдох орлого, хүү, алдангийг нь нөхөн төлүүлж, тодорхой хэмжээний торгууль ногдуулах ёстой. Гэтэл “Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг хахууль болгон өгч, татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ.
Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банк тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ тус компаний тухай ч мөн дурдаж байв. Тэрээр "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д өгсөн луйврын зээлээс болоод олон арван тэрбумын алдагдалтай, жижиг сажиг хулгай нүүрэлчихсэн банк хүлээж авсан юм. Тун удалгүй Төрийн банкны удирдлагыг бүгдийг нь сольж 76 захирлыг 32 болгож шинэ бүтцээр ажиллуулж эхэлсэн. Одоо Төрийн банк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. “Шинжиан Шинфа”-ийн луйварт оролцсон хүмүүсийн зарим нь ял авсан, зарим нь ял завшаад явж байна." хэмээсэн юм.