ThunderZ: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй“ аянд нэгдэхийг УРИАЛЛАА
Үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэх нь насан туршдаа хэн нэгнийг шархлуулах, өөрөө сэтгэлийн шарх тээж хэн нэгнийг үзэн ядах бүр цаашилбал, нэгнийгээ гэмтээж, амь насанд нь аюул учруулахуйцаар нөлөөлөх асар сөрөг нөлөөтэй зүйл юм.
Үе тэнгийнхний дунд байх энэхүү сөрөг үйлдлийн эсрэг өрнөсөн аянаас эргэн санавал, өнгөрсөн жил үе тэнгийн дээрэлхлийн эсрэг "Найз байя" аян зарлагдаж байсан. Олны танил хийгээд өсвөр насныханд нөлөөлөгч хүмүүс энэ тал дээр нэг л чимээгүй байгаад байх шиг анзаарагддаг. Тэгвэл Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аяныг эхлүүлээд байна.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "За нэлээн дээрээс бодож явсан аян маань одоо эхэлж байна. Урьд нь бид бас "Зөв тусгал" болон "Яараад яахав дээ" аян дээр хамтран ажиллаж байсан бол энэ удаад “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэсэн нэртэй аян эхлүүлж байна. Энэ аян нь өсвөр насныхан болоод тэдний эцэг эх рүү чиглэж байгаа юм. Мэдээж аян хийгээд бүх юм өөрчлөгдөхгүй ч 1 ч болов хүүхэд, 1 ч болов анги өөрчлөгдөж байвал зорилго нь тэр билээ. Эцэг эх багш гээд бүгд энэ аяыг дэмжээсэй гэж хүсэж байна. Хүүхэд бүр тайван сургуульдаа явах ёстой. Хэн ч хүүхдээ дээрэлхүүлээсэй гадуурхалтад ороосой гэж хүсэхгүй. Тиймээс хамтдаа түгээцгээе" хэмээжээ.