ШУУРХАЙ : ЦЕГ-аас хүчингийн хэрэг үйлдсэн гэх цагдаа нарын хэргийг давхар АТГ-аар шалгуулах саналаа УЕПГ-т хүргүүлжээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа билээ.
Улмаар нэг алба хаагчийг энэ сарын 04-ний өдөр хойшлуулшгүйгээр барьвчилж, шүүхээс нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин гурван алба хаагчийг өчигдөр орой мөн 48 цагийн хугацаатай цагдан хорьсон юм. Тэднийг үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр /2024.04.08/ Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн сум дундын шүүх шийдэх юм.
Түүнчлэн тухайн хэргийг ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалтын газар, Мөрдөн байцаах албаны тусгай субьекттэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд ЦЕГ-аас Улсын ерөнхий прокурорын газарт уг хэргийг АТГ руу шилжүүлэх саналаа өчигдөр өгсөн байна. Учир нь олон нийтийг сэрдхийлгэсэн уг хэргийг харьяалал тогтоолгон хөндлөнгийн хяналттайгаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх саналаа өгчээ.
Уг саналыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр УЕПГ хүлээн авч, АТГ руу шилжүүлжээ.