Голын гуу жалганд хаягдсан малын сэг зэм цасны усаар дамжин ус бохирдуулж, өвчин эмгэг тараах аюултай байна
Зудын үнэлгээ болон цасан бүрхүүлийн хэмжээ, цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээллээ.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "2024 оны гуравдугаар. сарын 31-ний байдлаар Монгол орны нийт нутгийн 30% цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хэнтийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Дорнодын тал нутгаар 10-32 см, бусад нутгаар 1-9 см, хунгарласан газартаа 40 см хүртэл цасан бүрхүүлтэй байна.
Гуравдугаар сарын 31-ний байдлаар төмөр зудтай нэг сум байна. Энэ нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Малчин, Наранбулаг, Давст, Тэс, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Тэс, Баянхайрхан, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэн суманд зузаан цастай учир цагаан зудтай байна.
Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хэнтийн Галшар, Төв аймгийн Эрдэнэ, Дорнодын Халхгол сум, Улаанбаатарын Налайх дүүрэг, Тэрэлж орчмоор цагаанаар зудархуу байна.
Монгол орны тал хээрийн бүс нутагт мал аж ахуйн цаг уурын нөхцөл байдлын үнэлгээ:
Булган аймгийн Орхон суманд эм хонины амьдын жин 44кг байгаа нь олон жилийн дундаж 40.5 кг-аас илүү байна.
Эм ямааны амьдын жин 31 кг байгаа нь олон жилийн дундаж 30.2 кг-аас ахиу, үнээний жин олон жилийн дунджаас 14.8кг-аар илүү тарга хүчтэй.
Төв аймгийн Баян-Өнжүүл суманд эм хонины амьдын жин 39 кг байгаа нь олон жилийн дунджаас 6.4 кг-аар бага, эм ямааны жин 38кг, үнээний жин 283кг байгаа нь олон жилийн дунджаас бага гарчээ.
Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд малын жин олон жилийн дунджаас бага буюу турж, эцсэн дүгнэлт гарчээ.
Шар усны үер:
Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Халхголын сав газраар хамгийн их цасан бүрхүүлтэй, Хяргас нуур, Завхан голын сав газраар хамгийн бага цасан бүрхүүлтэй байна.
Голын сав газарт хуримтлагдаж буй цасанд агуулагдах усны хэмжээ их хэвээрээ байгааг анхааруулъя.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нэлээд дулаарна.
Говийн бүс нутгийн төв болон баруун өмнөд хэсгээр нэлээд дулаарна. Одоогийн байдлаар эдгээр бүс нутгаар +15.. +20 градус байна. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, ирэх өдрүүдэд үргэлжлэн орно.
Бусад нутгаар бороо, хур багатай байх тул голын сав газруудын цасан бүрхүүл эрчимтэй хайлж, шар усны үер ихсэхийг онцгойлон хэлье.
Голын гуу жалганд хаягдсан малын сэг зэм цасны усаар дамжин ус бохирдуулж, өвчин эмгэг тараах аюултай нөхцөл байгаа учир мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй устгал хийхийг зөвлөе.
Улаанбаатар хот дахь Сэлбэ голын дагуух шар усны үерийн нөхцөл байдал:
Сэлбэ голын эхээр мөсөн бүрхүүл ихтэй, мөсөн дээрх цас хайлмагтсан байдалтай байна. Голын сав газрын эхэнд цас хунгарласан хэвээр.
Сэлбэ голын адгаар мөсний хайлалтаас үүдэлтэй шар усны үер ажиглагдаж эхэлсэн байна. Усны түвшин 138см буюу үерийн түвшинд хүрчээ. Голын урсгалын хурд 0.7-1.5м/с.
Иймд Сэлбэ голын дагуух айл өрхийг шар усны үерээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.