Т.Баярхүү: БЗД-ийн 26-р хороонд болсон ослын талаарх хяналтын тайлан мэдээллийг хүргэж байна
БЗД-ийн 26-р хороонд болсон ослын шалтгаан нөхцөлийг тодруулж, ослын газарт хяналт шалгалт хийх ажлын хүрээнд гарсан тайлан мэдээллийг ОБЕ өнөөдөр танилцууллаа.
Ослын шалтгаан нөхцөлийг тодорхой болгох чиглэлээр ЦЕГ ажиллаж байгаа бөгөөд тодорхой үр дүнгүүдийг гаргаад байна. Харин “Дашваанжил” ХХК-д Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамдууд хамтарсан үзлэг, хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.
Хяналт шалгалтын явцад “Дашваанжил” ХХК нь хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, тус компани эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилчдаа даатгалт хамруулаагүй, тогтмол явуулах ёстой дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаггүй байсан, ажилчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулаагүй, ажилчдыг зориулалтын хувцас хэрэглэлээр хангаагүй гэх мэт зөрчил илэрсэн байна.
Мөн галын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, техникын аюулгүй байдлын мэдээллийг тогтмол гаргадаггүй, сав баглаа боодол болон бусад аюултай хог хаягдлын тээвэрлэлтийн байдлыг бүрэн шийдээгүй байсан зэрэг зөрчлүүдийг илрүүлээд байгаа аж.
Тодруулбал, “Дашваанжил” ХХК нь 518 ажилтантай, 63 салбар нэгжтэйгээр нийслэл болон 21 аймаг, 33 суманд үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компанид сүүлийн 5 жилийн хугацаанд хяналт шалгалт хийгээгүй байсан аж.