Б.ЭНХБАЯР : Шалгагдаж буй хэргийн талаар мөрдөх алба зөвхөн прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө
Насанд хүрээгүй хүүхдийг цагдаагийн албан хаагч хүчирхийлсэн гэх хэрэг гарсан талаар мэдээлэл цахим орчинд гараад байгаа билээ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр албан ёсны тайлбар мэдээллийг өнөөдөр 07 цаг 59 минутад цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "Тодорхой шалгагдаж буй гэмт хэргийн асуудлаар мөрдөх алба зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр, зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл хийх хуультай.
Зөвшөөрөлгүй мэдээлэл хийвэл тухайн мөрдөгч, хууль сахиулагч 1-5 жил хорих ялтай гэмт хэрэгт буруутгагдана. Хэвлэлээр гарч буй асуудал бага насны хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул нээлттэй мэдээлэх нь хүүхдийн эрх зүйн байдлыг хөндөнө. Прокурорын байгууллага хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар, мэдээлэл хийх боломжоор мөрдөх албыг хангах нь зөв байх. Бүх насаар хорих ялтай, шалгагдаж буй, нотлогдож батлагдаагүй эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд урьдчилсан дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой бөгөөд гэмт хэрэгт тооцогдоно" хэмээн жиргэжээ.
Уг хэрэг прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг албаныхан онцоллоо.