Доктор Д.Зоёо 300 гаруй га талбайг ойжуулахад биечлэн оролцсон нь одоо АМЖИЛТТАЙ УРГАЖ байна

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Жендерийн үндэсний хорооноос “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг зарласан ЗГХА Ойн газар тус аянд нэгдэж “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриаг дэвшүүлэн салбарын манлайлагч эмэгтэйчүүдээс танилцуулж эхэллээ.

БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН 

АХМАД АЖИЛТАН ДАМДИНЖАВ ОВОГТОЙ ЗОЁО

Дамдинжав овогтой Зоёо 1955 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. 1973-1978 онд Монгол Улсын Их сургуулийн Байгалийн Ухааны Факультетын Биологийн салбарыг ургамал судлаач-биологийн багш мэргэжлээр төгссөн. Зоёо нь оюутан байх цагаасаа эхлэн 1976 оноос МОХБИБЭ-ийн бүрэлдэхүүнд Нугын суурин цэгийг анх байгуулахад оролцон ажилласан болно.

1978 оноос өнөөг хүртэл тасралтгүй 46 жил ШУА-ийн Ботаник, Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, дадлагажигч, дэд, эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтнаар ажиллаж иржээ. 

Ажиллах хугацаандаа 1980 оноос 1986 онуудад Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Сэлэнгэ аймгийн Шаамар дахь нугын сууринд, 1987 оноос 1990 он хүртэл Төв аймгийн Мөнгөнморьтын ойн сууринд, 1991-2000 онуудад Булган аймгийн Хялганат дахь ойн сууринд, 2001 оноос Дархан Шарын гол дахь ойн суурин, Тосонцэнгэл, Мөнгөнморьт, Хялганат дахь урт хугацааны мониторинг судалгааны бүрэлдэхүүнд оролцож,  Монгол орны ойн ургамалжилт болон  мод огтлолт, түймрийн дараах сөөг, өвслөг ургамлан бүрхэвчийн өөрчлөгдөл, байгалийн сэргэн ургалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж, судалгааны ажлыг боловсронгуй  болгож, бие даан ажиллах чадварыг эзэмшсэн тэргүүний ажилтнуудын нэг юм. 

Монгол орны ойн ургамалжлын сукцесс, Умард монголын ойн ургамлан нөмрөг мод огтлолт, түймрийн дараа өөрчлөгдөх зүй тогтлыг илрүүлэх, байгалийн сэргэн ургалтын үйл явцыг судлан зүй тогтлыг анх удаа судлан тогтоосон ба энэхүү судалгаа нь ойн ургамлан нөмрөгийг хамгаалах, зүй зохистой ашиглах ажлын онол-практикийн үндэслэл болсоор байна. Мөн Ботаникийн шинжлэх ухааны салбар геоботаникийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нуга, намаг, ойн ургамалжилтын талаарх судалгааг явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан болно.   

         Arslan.mn

Доктор Зоёо нь 2000 онд “Шинэс, нарсан ойн сөөг, өвслөг ургамлан бүрхэвч мод огтлолт, түймрийн нөлөөнд өөрчлөгдөх нь (Хантай, Сэлэнгийн ойн ургамалжлын тойргийн жишээгээр) сэдвээр Биологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан болно. 

Судалгааныхаа ажлын үр дүнгээр нэг сэдэвт бүтээл -1, ном, бүтээл товхимол-9, эрдэм шинжилгээний өгүүлэл -100 гаруй хэвлүүлэн нийтлүүлж, олон улсын болон эрдэм шинжилгээний гадаад, дотоодын хуралд илтгэл-50 гаруй хэлэлцүүлэн  олны хүртээл болгож биологийн болон ургамал судлал, ой судлалын шинжлэх ухаанд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Доктор Зоёо нь ажиллах хугацаандаа Монгол орны нуга, намаг, хээр, говийн  ургамалжилт, ойн ургамалжилт, ургамлан нөмрөгийн өөрчлөгдөх үйл явц, ойн байгалийн нөхөн сэргэлтийн талаар суурин судалгааны аргазүйг боловсруулан судалгаа явуулсан бөгөөд 2003 оноос Солонгос улсын Сөүлийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Туул голын эх, Богд хан уулын  мод огтолсон, түймэрт шатсан, хортон шавжид идэгдсэн ойн ургамлан бүрхэвчийн судалгаа, ОХУ-ын Москвагийн Их сургуультай хамтран “Намаг” төсөл, Геоэкологийн хүрээлэнгийн дэргэдэх “Хөвсгөл”, Япон улсын “Говь, хээрийн бэлчээрийг нөхөн сэргээх”, ОХУ-ын Сибирийн салбарын Улан-Үдийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран “Инновацийн агрохимитехнологи, фитотехнологийн үндсэн дээр хил дамнасан нутгийн  цөлжилтийн эрсдэлийг залж жолоодох аргазүйг боловсруулах ба хөрсний олон янз байдал экосистемийн төлөв байдлын нийлмэл үзүүлэлт болох нь” , “Монгол орны Хүлэрт намгийн стратеги төлөвлөгөө боловсруулах” төсөл, “Монгол орны өндөр уулын бүслүүрийн Биогеоценологийн судалгаа” зэрэг төсөлд удирдагч, зөвлөх болон гүйцэтгэгчээр оролцон ажиллаж, судалгаа шинжилгээний ажлыг одоог хүртэл амжилттай хийж гүйцэтгэсээр  байна. 

Тэрээр мод огтолсон ба түймэрт шатсан газрын ойн ургамал бүрхэвчийн судалгааг тасралтгүй хийсний дүнд ойг нөхөн сэргээхэд онцгой анхаарч Хялганат, Туулын эх, Шарын голын район зэрэг газарт 300 гаруй га талбайг ойжуулахад биечлэн оролцсон нь одоо амжилттай ургаж байна. 

Тэрчлэн Монгол орны ургамал судлалын шинжлэх ухаанд өөрийн олон жилийн судалгааны үр дүнд шинжлэх ухааны болон практик ажлуудыг хөдөө аж ахуй, газрын алба, байгаль орчин бусад салбарт өргөн нэвтрүүлсэн манай тэргүүний тэргүүлэх  ажилтан юм.

Монгол орны ойн ургамалжилт, ургамлан бүрхэвчийн сукцессын судалгааны аргазүйг боловсронгуй болгох, геоботаникийн судалгааг онол-практикийн өндөр түвшинд эзэмшиж шинжлэх ухаанд оруулсан хөдөлмөр бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Байгаль орчны тэргүүний ажилтан юм.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655867
1 эможи

ойн газар
keyboard_arrow_up