ТОДРУУЛГА : Зорчигчийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан Эрээний талд ачаалал үүсэж, 18 цаг 30 минутад дууссан
Өнөөдөр цахим орчинд БНХАУ-ын Эрээн хот руу зорчиж буй иргэдийн ачаалал нэмэгдсэн бичлэг цацагдсан.
Уг бичлэгтэй холбогдуулан Замын-Үүд дэх гаалийн газраас тодруулахад "Өнөөдөр 03 сарын 30-ны өдөр Замын-Үүд боомтын зорчигч, тээврийн гаалийн хяналтын бүсээр сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор ажлын өдрүүдтэй харьцуулахад ачаалал ихэссэн. Тус боомтод Хил хамгаалах газраас гарах чиглэлд гадаад паспорт шалгах 8 шалгагч ажилдаг байсан бол 10 болгон нэмэгдүүлсэн. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй. Ажил хэвийн явагдаж дууссан.
Өнөөдөр Монгол улсаас гарах чиглэлд 5668 зорчигч гарсан бол орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр нийт 8643 зорчигч шалган нэвтрүүлсэн.
Харин манайхаас холбоо баригчаар дамжуулан албан бусаар мэдээлэл авахад “БНХАУ-ын Хилийн байгууллага зорчигчийн тоо эрс нэмэгдсэн, шинээр зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулан хадгалж авдаг үйлдлүүд хийгддэг учир удааширсан. Эрээн хотын боомт 18:30 цаг хүртэл зорчигчдыг оруулсан” гэсэн хариуг өглөө.
Дашрамд тодруулахад Замын-Үүд дэх боомтын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх бүрэн боломжтой болсон байна. Өмнө нь өдөртөө 1000-2000 зорчигч нэвтэрдэг байсан бол одоо хүчин чадал нь хэд дахин нэмэгджээ.
Манай улсын хувьд хилээр гарахад ХХЕГ-ын алба хаагчид бичиг баримтын шалгалтыг хийж, гаалийн байгууллага ачаа тээврийн хяналт шалгалтыг хийдэг байна.