“Ослоор аймгийн эмнэлэг дүүрэхийг үзлээ. Хаашаа л харна цус, орь дуу“
38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарсан. Автобусанд явсан хүмүүсээс бэртэж, гэмтсэн 18 ажилтныг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч, тусламж үзүүлэн Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулан ГССҮТ-д зарим хүмүүсийг авчраад байсан.
Тэгвэл хүргэгдэж ирсэн хүмүүсийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "Ажилчдын автобус ачааны машинтай мөргөлдсөн осолд нийт 41 хүн өртсөн. Үүнээс 2 нь газар дээрээ нас барж, 39 хүн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Эдгээр иргэдийг Улаанбаатар хотруу авч ирэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Яг одоо ГССҮТ-д нийт 37 хүн эмчлүүлж байна.
Хоёр хүний биеийн байдал маш хүнд тээвэрлэж ирэх боломжгүй байсан учраас Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.
ГССҮТ-д хүргэгдэж ирсэн 37 хүнээс 3 нь биеийн байдал маш хүнд байна" гэв.
Энэ ослын талаар, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч өөрийн цахим хуудсандаа, "Эмч болсоор хамгийн аймар өдөр байлаа. Ослоор бүтэн аймгийн эмнэлэг дүүрэхийг үзлээ. Хаашаа л харна цус, орь дуу" хэмээн нийтэлсэн байна.