Хөшигийн хөндийн замыг нээж, гэмтсэн иргэдийг эмнэлэгрүү явуулжээ
Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү чиглэсэн авто замд 17 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр болсон юм. Ослын улмаас олон хүн бэртэж гэмтсэн байна. Одоогоор хэдэн хүн бэртсэн бэ гэдэг мэдээлэл тодорхой бус. Тээврийн цагдаагийн газрынхан осол гарсан газарт ажиллаж, үзлэг шалгалт хийсэн байна.
Энэ талаар албаны хүн “Өнөөдөр 08.20 цагт дуудлага мэдээлэл ирсэн. Чингис хаан нисэх онгоцны буудал явах замд маш олон машин мөргөлдсөн гэдэг мэдээлэл ирсэн. Нийт 17 тээврийн хэрэгсэл осолд холбогдсон. Зорчих хэсгийг чөлөөлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болж, цас орж, шуурч байна. Хурдаа тохируулж явах шаардлагатай.
Яаралтай тусламжийн 103-аар олон иргэн явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Хэчнээн иргэн гэмтсэн бэ гэдэг мэдээллийг эргэн авч чадаагүй байна. Хэргийн газарт үзлэг хийх зорилгоор тууш замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Үзлэг дууссан тул хөдөлгөөнийг нээлээ. Цасан шуурга зөвхөн Хөшигийн хөндийд болоогүй Төв аймгийн хэд хэдэн сумд, Булган, Дархан-Уул, Орхон зэрэг аймагт ч болж байна. Онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг хүсье” гэлээ.