“Vietjet Air”-ийн нислэгээр Вьетнам руу зорчих бол БНСУ-ын виз авна
Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ноос Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчдог болоод байгаа билээ. Харин тус улс руу Vietjet Air” компанийн нислэгээр Өмнөд Солонгос улсаар дамжин ирж, очихдоо БНСУ-ын виз авсан байх шаардлагатай аж.
Вьетнам улс руу болон тус улсаас хямд үнэтэй тийз зарж буй “Vietjet Air” зэрэг авиа компанийг сонгон Өмнөд Солонгосоор дамжин Монголоос ирэх, буцах эсхүл гуравдагч улсыг зорихоор төлөвлөж байгаа иргэд БНСУ-ын виз урьдчилж авсан байх шаардлагатай болохыг мэдэгдэж байна.
Тухайлбал Вьетнамын “VietJet Air” авиа компаниар үйлчлүүлэх тохиолдолд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын хилийн боомтоор гарч, дахин бүртгэл хийлгэх шаардлага тавигдаж байгаа ба зөвхөн Солонгос улсад зорчих визтэй иргэдийн хувьд тус авиа компаниар үйлчлүүлэх боломжтой байгаа юм.
Иймд аялал зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн зүгээс аялагчдад зориулж БНСУ-аар дамжиж нисэх тасалбар худалдан авах тохиолдолд аль болох KAL, ASIANA зэрэг нэг авиа компанийн тасалбар худалдан авах, эсвэл VIETNAM AIRLINES, МИАТ зэрэг Инчоны олон улсын нисэх буудалтай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн авиа компаниар үйлчлүүлэхийг санал болгож байна хэмээн Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлжээ.