Л.Оюунжаргал: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг өнөөдөр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцуулав.
Тэрбээр "Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.
Гуравдугаар сарын 21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна.
Гуравдугаар сарын 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Гуравдугаар сарын 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно.
Гуравдугаар сарын 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Гуравдугаар сарын 26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.
22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.
Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарна уу.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, говийн бүс нутгаар +13...+18 хэм дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна. "гэв.