Дээд зэрэглэлийн гэх тодотголтой НОМИН КОНСТРАКШНЫ “GARDEN CITY“ хотхоны тааз хоёр удаа нуржээ
Nomin Construction & Development Group буюу "NCD" группын барьсан Ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэсэн хотхон хэмээн тодотголтой GARDEN CITY хотхоны тааз нурж, иргэд даруулах шахсан талаар тус хороололд оршин суудаг Г.А гэх залуу цахим хуудсанд нийтэлжээ.
Тэрээр "Одоо арай хэтэрнээ. Манай тааз хоёр дахь удаагаа ингэж унаж байна. Зүв зүгээр гэртээ байж байгаад дарагдаж үхэх нь. Хамгийн новшийн нь нялх хүүхэд маань унтаж байсан өрөө. Хоёр секунд л хоцорсон бол 10 кг жинтэй энэ том том хавтангууд унах байж.
Манай зарим эд хогшил эвдэрсэн, хагарсан, авах юмгүй болсон. Шөнө дунд унасан бол яах вэ. Нүүр маань тэгширч, насаараа өрөөл татанхай болох байж. Хариуцлага гэж байна уу. Унтаж, амарч байх цагаараа энэ өрөөнөөс юмаа аваад нүүж байна. Айдастай байна." хэмээжээ.
Түүгээр ч барахгүй түүний оруулсан постны дор тухайн хотхоны оршин суугчид мөн л гомдол бичсэн байв. Цухас дурдвал тагттай өрөөний цонхноос сийгдэг, тааз нурж байсан тохиолдол хэд хэд гарсан, засварчин дуудахаар ирдэггүй, 00 өрөө хүйтэн, хана, цонхноос цас, борооны ус нэвчиж ордог гэх мэт дурдаад байвал олон асуудал байгааг оршин суугчид шүүмжилжээ.
Үнээрээ тэнгэрт хадаж, боломжтой хүмүүсийн л нүүж ордог уг байр өнөөдөр ийнхүү иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж эхэлсэн үү...
NCD GROUP нь барилга угсралт, зураг төслийн чиглэлээр 2002 онд үүсгэн байгуулагдсан. Улмаар 2008 оноос орон сууцны томоохон цогцолбор төслүүд хэрэгжүүлж эхэлсэн аж. Тэгтэл өнөөдөр тэдний барьсан барилга ийнхүү эхнээсээ нурж эхлэв.