“Шүншиг”, “Сэржим” архинд хуурамч акц наасан “Арван-Ундарга” ХХК-д яллах дүгнэлт үйлджээ
“Шүншиг”, “Сэржим” нэртэй архинд онцгой албан татварын хуурамч тэмдэгт нааж худалдан борлуулсан хэргийг ЭЦА-ныхан илрүүлжээ.
Эдгээр нэртэй их хэмжээний архийг Төв, Хөвсгөл аймгийн хүнсний дэлгүүр, бөөний төвүүдээр борлуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, эл хэрэгт холбогдуулан “Арван-Ундарга” ХХК, түүний захирал П.Буриад нарт Эрүүгийн хуулийн 18.7-1-ийн “Үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан”, 18.7-4-т заасан “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Гэвч тус шүүхийн шүүгч Э.Чингис урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд үйлдвэрлэл явуулж байсан харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан аж. Хэдийгээр тус компани нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн ч архиа хийсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн нутагт, “Сүү-Өгөөж” компанийн байранд учраас тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр П.Буриад нь “Сүү-Өгөөж”-ийн захирал Д.Сарангэрэлтэй садан төрлийн холбоотой учраас тухайн компанийнх нь байранд үйл ажиллагаа явуулсан хэмээсэн юм.
Өмнө нь “Сүү-Өгөөж” ХХК-ийн байранд “Шим”, “Алтан сүлд” нэртэй их хэмжээний архи үйлдвэрлээд өмнөд хөршөөс оруулж ирсэн хуурамч акц буюу онцгой албан татварын тэмдэгт наасныг ЭЦА-ныхан илрүүлэн захирал Д.Сарангэрэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Нэргүй нар ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус бүрд нь торгох ял шийтгэж байсан билээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин