З.Энхболд нарын хурал 3 дахь өдрөө үргэлжилнэ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.03.12/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Шүүх шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг явуулахад шүүгдэгч З.Энхболдоос “өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн.
З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.