Египетэд цахилгаан хязгаарладаг ч метроны шугам, LRT зэргийг барьж байна
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн сарын 29-ний өдөр зарлаад буй.
Метроны төсөлтэй холбоотой Египет улсад метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалайтай ярилцлаа.
-Одоо эрхэлж буй ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Яг одоо Египет улсын нийслэл Каир хотод метроны дөрөвдүгээр шугамд төслийн удирдлагын багт ажиллаж байна. Манай төсөл нийт 16 буудалтай, 18 км урт. Энэ хотын дөрөв дэх метро, 2028 онд төсөл дуусахаар байна. Энэ метроны шугамаа Египетчүүд өөрсдөө барьж байгаа. Өмнө нь Шри Ланка, Бангладеш, Япон улсуудад метроны төсөлд ажиллаж байсан.
-Улаанбаатар хотын метроны зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Та энэ талаар цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцсан байна лээ. Зарим хүн зөвлөх баг шаардлагагүй, хөрөнгө үрсэн ажил гэж байгаа. Mетроны төсөлд зөвлөх баг байх нь зөв, эсэх талаар та юу гэж бодож байна вэ?
-Зөвлөх үйлчилгээний тендер нь хоёр үе шаттай байдаг. Одоо зарлаад буй тендерт олон улсын компаниуд ердөө танилцуулгаа явуулдаг. Эхний шатаас шалгарсан компаниуд дараагийн шатанд яг ямар ажил хийх нарийвчлан мэдээллээрээ өрсөлдөнө. Улаанбаатар хотын метроны зөвлөх үйлчилгээний тендерт олон улсын томоохон компаниудын санал ирүүлэх байх гэж харж байна. Зөвлөх үйлчилгээний багаар удирдуулах нь метро барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянах, өртгийн өсөлт, цаг хугацаанд ашиглалтад оруулах, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэд барихыг шаарддаг. Энэ ч үүднээс дэлхийн бусад улс орнууд ч гэсэн туршлагатай зөвлөх үйлчилгээний багаар төслөө удирдуулдаг.
Дэлхий дээр огт байхгүй зүйлийг Улаанбаатар хотод хийх гэж байгаа юм биш. Дэлхийн 100 гаруй улсад аль хэдийнэ хийгдсэн ажил.
-Манай хотын метроны төсөлд зарцуулахаар тусгасан мөнгөн дүн хэр бодитой вэ?
-Зургаан жилд 54 сая ам.доллар орчим бол огт их биш. Харин төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Ер нь дэд бүтцийн томхон төслүүд өртгийн 5 хувь орчмоор зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд зөвлөх үйлчилгээндээ ихэвчлэн 100-200 сая ам.доллар, 10 жил орчмын гэрээтэй байсан. Чиглэл бүрдээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд гэхэд 5 компанийн нэгдэлд 13 улсаас нийт 80 гаруй эксперт ирж ажиллаж байна.
-Газар доорх бүтээн байгуулалтын ажилтай холбоотой иргэдийн дунд Улаанбаатар хотод метро барихад тохиромжгүй гэж байгаа. Энэ талаар та туршлагаасаа хуваалцвал?
-Дэлхий дээр огт байхгүй зүйлийг Улаанбаатар хотод хийх гэж байгаа юм биш. Дэлхийн 100 гаруй улсад аль хэдийнэ хийгдсэн ажил. Техникийн шийдлүүд нь бэлэн болчихсон шүү дээ. Өмнө нь би яг ийм асуудалтай төсөлд ажиллаж байсан юм. Газар доор олон төрлийн шугам байгаа. Ийм тохиолдолд УСУГ болон бүх холбогдох байгууллагуудаас газрын зураг, байршлыг тулгаж шалгах, туршилтын ухалт хийн илрүүлэх, ухахгүйгээр ч илрүүлэх боломжтой болсон. Энэ бол шийдэх боломжтой, байдаг л асуудал.
-Дэлхийн бусад улс оронд метроны төсөл хэр хугацаатай үргэлжилдэг вэ?
-Хүмүүс газар ухаж эхлэхээр төсөл эхэллээ гэж хардаг. Энэ ойлголтоор бол барилгын ажил эхэлбэл 5-6 жил шаардлагатай. Бүхэлдээ бол судалгаа, ТЭЗҮ боловсруулах, зураг төсөл, тендер шалгаруулалт, барилга угсралтын ажил, зүгшрүүлэлт гээд 10-12 орчим жил шаардлагатай байдаг.
-Тэгвэл манай хотын метроны төсөл 2028 онд ашиглалтад орж амжих уу?
-Улаанбаатар хотод энэ төслийг цоо шинээр эхлүүлэх гээгүй. Өмнөх жилүүдэд судалгаа, ТЭЗҮ нь бэлэн болсон учраас одоо зөвлөх үйлчилгээний компаниа шалгаруулаад, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил үлдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын метро ашиглалтад ороход 4-6 жил шаардлагатай гэж харж байна.
-Төслийг дагаад цахилгаан эрчим хүчний асуудал хөндөгдөж байна. Бусад улс орнууд цахилгаан эрчим хүчээ яаж шийдсэн байдаг вэ?
-Уул уурхайн салбартаа харьцуулахад метро тийм ч их эрчим хүч зарцуулдаггүй. Гэхдээ тогтвортой эрчим хүч шаардлагатай. Улаанбаатар хотын метроны шугамд ойролцоогоор 20 мВт чадлын эх үүсвэр хэрэгтэй гэж харж байна. Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр болсон талаар мэдээ уншсан. Цахилгаан станцаа ашиглалтад оруулсны дараа метроны төсөл эхэлнэ гэвэл, түгжрэлийн асуудлууд төдий чинээ л хойшилно гэсэн үг. Миний ажиллаж буй Египет улсад өдөр бүр нэг цаг цахилгааны хязгаарладаг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байна. Бүтээн байгуулалтын явцад орчин үеийн техник хэрэгслээр эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой. Метро ашиглалтад орсноор нийтийн тээврийн салбар иж бүрэн систем болно. Улаанбаатар хот метротой болох эхний ажлууд хийгдээд эхэлсэнд иргэн хүний хувьд маш баяртай байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин” №043 /7409/ 2024.03.06