ФОТО: Ойн салбарын үндэсний чуулганаас
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр (2024.03.05) Төрийн ордонд зохион байгуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан.
“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.