Н.Мөнхбатад оногдуулсан ялыг 2 жил болгон бууруулж, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг суллажээ
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн улсын яллагч нар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд байсан.
Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд шүүхээс ял оноосон байдаг. Тэдний зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан. Тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон.
Тэгвэл өчигдөр /2024.02.29/ Давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 2 жилийн хорих ял оноосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.