Хөвсгөл нуур дахь “Хүслийн хад”-ыг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр тохижуулна
Төрийн худалдан авах ажиллагааны газраас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь “Хүслийн хад”-ыг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулахаар тендер зарлажээ.
Тохижилтод 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах юм байна.
Тендерт оролцох бол 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:00 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:20 цагт нээх аж.
Тендерт шалгарсан компани хадан хөрсийг доргиурт алхаар ухаж явган гүүр болон замын суурь цутгах, амрах талбай, саравч угсрах, шат довжоо хийх, хөвдөг тавцан угсарч завины зогсоол байгуулах, 12 жилийн мөнгөний сав урлах зэрэг ажил гүйцэтгэх юм байна.
"Хүслийн хад"-ыг тохижуулах санаачилгыг анх 2021 онд гаргаж байсан, бөгөөд дээрх зурагт тусгасан байдлаар тохижуулахаар төлөвлөж буйг тухайн үед мэдээлж байв.