Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр сайжруулна
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг тусгасан байна.
Хотын голлох гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, тайлант онд 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьжээ.
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр болсон. Нийслэлийн энэ оны төсвийг өөрчлөх төслийг баталсан юм. Төслийг батлахдаа НИТХ дахь МАН, АН, ХҮН-ын бүлгийн саналыг тус бүрчлэн хэлэлцжээ.
НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр, АН-ын бүлгээс 20 тэрбум төгрөгөөр, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулж батлуулахаар санал дэвшүүлсэн байна. Намын бүлгүүд, хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтод тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр бууруулан, уг ажилд 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр баталжээ.
Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох ажлыг энэ жилээс эхлүүлнэ. Энэ хүрээнд хөнгөлөлттэй үнээр боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлнэ гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.