СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвс тэжээл зарна гэх цахим зард хууртахгүй байхыг анхаарууллаа
Монгол Улсын нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, долоон аймгийн 28 сум төмөр зуд буюу шилэн зудтай байна. Шилэн зуд гэдэг нь нойтон цас орж, хайлж мөстөж мал хөлөөр бэлчих боломжгүй болох, малын туурай шилбэ нь халцрах зэргээр хүрндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнээс гадна 17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Ингээд тооцвол Монгол Улсын 21 аймаг зудын эрсдэл, хүндрэлтэй байна.Нийт нутгийн хэмжээнд 1-38 см цастай, хунгарласан газраа 60 орчим см хүрч зудын нөхцөл байдал хүндрээд байгаа тул Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч нөхцөл байдал дээрдэхгүй хугацаа шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүд, Засгийн газрын танхимын сайд нар өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж, албан байгуулллага, иргэд, ТББ-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад туслах хандивын аян зохион байгуулж, нийгмээрээ эрвийх, дэрвийхээрээ тусламжийн гараа сунгаж байгаа юм.
Гэвч сүүлийн үед малчдын эрэлт хэрэгцээг далимдуулан өвс тэжээл зарах нэрийдлээр иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг гаарчээ. Мөн ченжүүд өвс тэжээлийнхээ үнийг цаг тутамд 2000 төгрөгөөр нэмж байгаад малчид бухимдалтай байна. Мал өлдөж бус хөлдөж олноороо хорогдож байгаа бөгөөд махаар шувуу цадаж, малчдаар ченжүүд цадаж байна гэх хоржоонтой хэлц үг ч гарчээ. УОК нэг суманд 150-175 тонноор тооцож тэжээл хүргэж байгаа ч зарим иргэн дундаас нь завшин түүнийгээ зарж борлуулан ашиг хонжоо хайгчид олширчээ. Тухайлбал, “Морьтон Монгол” гфэйсбүүк хаягтай, Б.Г гэх хүн Дорнод аймгаас ногоон тэжээл авч ирж зарна гэж хэлж, олон хүнийг хохироожээ. Өнөөдрийн байдлаар тэрбээр малчдад ногоон тэжээл зарах нэрийдлээр 2-7 сая хүртэлх төгрөгийг хэд хэдэн хүнээс өөрийн нэр дээрх дансаар авч залилсан байна. Энэ мэт тохиолдол ихэсч байгаа тул цагдаагийн байгууллагаас “Малчид та бүхэн зуд турхантай хүнд хэцүү цагт өвс, ногоон тэжээл зарна гэсэн цахим хаягаас болгоомжилж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлээрэй" хэмээн сэрэмжлүүлж байна.
Тэгвэл иргэд энэ төрлийн залилангийн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ. Үүнд,
- Гар утасны дугаараа бичсэн гээд залилахгүй гэсэн үг биш тул сэрэмжтэй байх,
- Хэрэв цахимаар өвс, тэжээл худалдан авах гэж байгаа бол урьдчилгаа төлбөр хийхгүй байх,
- Өвс, тэжээл гарт тань ирсний дараа төлбөрөө төлөх,
- Цахимаар өвс, тэжээл авсан тохиолдолд нэмэлт холбогдох дугаар болон дансны хуулгыг авч үлдэх мөн тухайн борлуулагчийн үндсэн фэйсбүүк хаяг уу, хуурамч хаяг уу гэдгийг тогтоох,
- Сонор сэрэмжээ цаг ямагт алдахгүй байх нь хамгийн чухал хэмээн анхаарууллаа.