Ирэх долоо хоногт бүх музей нээлттэй, ХҮҮХДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Жил бүрийн гуравдугаар сарын 01-05-ны өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг. Эдгээр өдрүүдэд хүүхэд болон иргэд бүх музейг үнэгүй үзэх боломжтой болдог.
Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей 3-р сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг юм. Тухайлбал, 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байлаа.
Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.
Эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирвэл зүйтэй болов уу. Хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялж чадна.
Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей