А.Бат-Амар: Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих болон гэрчилгээ авахад биеэр очих шаардлагагүй
Шинээр нэвтрүүлээд буй автотээврийн салбарын цахим үйлчилгээний Auto box аппликейшны талаар Автотээврийн Үндэсний төвийн Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас тодрууллаа.
Тэрбээр "Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Нэвтрэхдээ E-Mongolia платформын танилтын дан систем буюу хяналтын системээр дамжин нэвтэрч, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан.
Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ.
Одоо цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой. Энэ нь маш их цаг хугацаа хэмнэсэн зардал хэмнэсэн чухал ажил болсон гэж харж байгаа.
Autobox аппликейшнаас одоогоор нийт 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой. Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.
Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.
Бүх төрлийн лавлагаануудыг авах боломжтой. Жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно." гэв.