Л.Оюунжаргал: Дархадын хотгороор -46 градус хүрсэн
Цаг агаарын талаарх цаг үеийн мэдээллийг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар 0-4мм цас орж, цасны зузаан 0-3сантиметрээр нэмэгджээ. Долоо хоногийн эхээр ихэнх нутгаар нэлээд хүйтэн байсан бөгөөд Дархадын хотгороор -46 градус хүрсэн. Долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч 1-14 градусаар суларсан.
Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Архангайн баруун, Булганы өмнөд, Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр цас орж байна. Энэ цас өнөөдөр зүүн болон төвийн аймгуудын нутгаар үргэлжлэн орно.
Хоёрдугаар сарын 27-нд төв, зүүн аймгийн зарим нутгаар цас орно.
28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар бага хэмжээний цас орно.
29-нд зүүн аймгуудын нутгаар цас орно.
Гуравдугаар сарын цаг агаарын мэдээ:
- Гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас багатай.
- 2-нд Увс нуурын хотгор, Монгол Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
- 3-нд Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 4-нд Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуургатай байна.
Гуравдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд тал хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч, ширүүснэ. Энэ нь аюултай үзэгдлийн хэмжээнийх биш.
Гуравдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаас эхлэн хүйтний эрч бага зэрэг суларна" гэв.









